Уран зохёолшо Алексей Гатапов Үбэр-Монгол руу зорин ошобо

"Тэмүүжин" романаа монгол хэлэндэ оршуулуулжа хэблэһэн уран зохёолшо Алексей Гатапов номойнгоо нээлтын баяр 2014 оной 10 һарада Улаанбаатарта хээ гээд һануулая. Мүнөө Үбэр-Монголдо энэл романаа монгол бэшэгтэ хүрбүүлжэ хэблэхэ хэрэгээр буряад зохёолшо тусхай урилгаар ябаба гэһэн баяртай мэдээсэл монголой һонинууд дуулгаба.
http://www.medee.mn Б. Гэрэлмаа
2447
Буриадын зохиолч Гатапов, Алексей Сергеевич. Түүний бичсэн “Тэмүжин” роман өнгөрсөн онд монгол хэл дээр хөрвүүлэгдэн гарсан билээ. Романы хувьд ОХУ-д гурван удаа хэвлэгдэж Исай Калашниковын нэрэмжит Буриадын утга зохиолын шилдэг бүтээл болж байсан юм. Тэмүжин романыг Монголын нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлэн Монголын уншигчдад хүргэж байсан бөгөөд хоёр дэвтэр бүхий энэ бүтээлд XII-XIII зууны Монголын аугаа их жанжин, Монголын төрийг байгуулагч Чингис хааны бага насны тухай гардаг.

Тэмүжин роман тун удахгүй дэлгэцийн уран бүтээл болох бөгөөд тэрээр энэ ажлаараа Өвөрмонголыг зорих замдаа Монголд түр саатсан юм. Энэ үеэр бид түүний "Тэмүжин" романы талаар цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд та ямар ажлаар ирэв ээ?

-Миний бичсэн "Тэмүжин" романыг дэлгэцийн уран бүтээл болгохын тулд ноён Мягмар Өвөрмонголд хувиараа урьсан юм. "Тэмүжин" романыг маань өнгөрсөн жил буюу 2014 онд Монгол хэл рүү хөрвүүлэн, "Нэпко" компани хэвлэсэн. Гэтэл ноён Мягмар Өвөрмонгол дахь уран бүтээлийн хамтрагчидтайгаа яг миний зохиолтой ижил агуулгатай материал хайж байсан юм билээ. Тохиолдлоор Мягмар гуайн гар дээр миний зохиол очиж, би энд Өвөрмонголыг зорихоор ирээд байна. Яг одоогийн байдлаар найруулагч Боролдойн урилгаар Боролдой студи, Black box театртай танилцаад явж байна.   

-Чингис хаан таны сонирхлыг яагаад татсан юм бэ? Энэ бүхэн юунаас эхлэв?

-2000 орчим оны үед Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн мэргэжил дээшлүүлэх курст сурч байхад эхэлсэн. Маш жижигхэн зүйлээс эхэлсэн дээ. Багш биднийг уран бүтээлийн семинарт зориулж богино өгүүллэг бичих даалгавар өгсөн юм. Миний хувьд Чингис хаан бага насандаа Боорчитой уулзаж байгаа хэсгийг сонгож бичсэн. Монголчуудын аж амьдралын эргэн тойронд болж байгаа үйл явдал, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлзүйн байдлыг өөрийнхөөрөө төсөөлж, тэр талаас нь илүү нээж бичихийг хичээсэн. Тэгээд багшдаа үзүүлтэл боломжийн үнэлгээ авч "Энэ өгүүллэгээс том юм гарч магадгүй, роман ч болох боломжтой юм байна" гээд хальт л хэлээд өнгөрсөн. Энэ үг миний хувьд нилээд түлхэц болж өгсөн. Ингээд л би судлаж эхэлсэн дээ. Дэлхийн хэмжээнд Чингис хааны тухай бичигдсэн романууд дунд сайн роман байдаггүй гэсэн судалгаа хүртэл байдаг юм билээ. Сайн зохиолын тоонд Европын зохиолч Фамеллиа Сержент, Давид Курт, Оросын алдарт зохиолч Владимар Иан, Иссая Клажников, бас Монгол зохиолчдын зохиол ч багтаж чадаагүй байсан. Гэхдээ эдгээр зохиолууд ихэвчлэн түүхэн намтар байдлаар бичигдсэн болохоос роман болгоогүй байдаг юм билээ. Гадаадын зохиолчдын бичсэн Чингис хааны тухай бүх романыг би уншсан. Гэтэл Монгол үнэр үнэртээгүй. Өөрөөр хэлбэл, Европын зохиолуудад цезарь ч юм уу, коббойчууд байсан болохоос яг монголчууд байгаагүй. Тийм болохоор би зохиолоо бичихээр шийдэж, бичсэнээ өргөжүүлж, баяжуулсаар илүү ихийг ойлгож эхэлсэн. Нэг ёсондоо зохиол маань түнэр харанхуйд байгаа юм шиг л эхлээд, дараа нь уншиж судалсаар өөрийн ертөнцөө үүсгээд, өөрийн гэсэн замаараа хөдлөж эхэлсэн. Номын тухайд Тэмүжингийн бага насны амьдралаас хоёр жилийг нь онцгойлон бичсэн.

-Таныг "Тэмүжин" романаа бичихийн тулд 10 гаруй жил судалгаа хийсэн гэж байсан. Энэ үнэн үү? Хэрхэн судалгаагаа хийсэн юм бэ? 

-10 жилийн турш энэ романаа бичсэн нь үнэн л дээ. Гэхдээ романаа бичихийн хамт өөр олон ном хажуугаар нь бичиж, өөр олон ажил хийж байлаа. Жишээ нь, 1990 оны үед хаагдсан Байгал утга зохиолын сэтгүүлийг сэргээсэн. Мэдээж би энэ бүхнийг ганцаараа хийгээгүй ч чимхлүүр ажил ихтэй байсан учир маш их цаг зав шаардаж, зарцуулж байсан. Бас Чононбаатар зохиолыг орос болон буриад хэл рүү орчуулсан. Дараа нь Монголын түүхэн толь бичиг гэдэг ном бичсэн. Энэ номыг бичихэд бас л судалгааны ажил, хянах гэх мэтчилэн маш их ажиллагаатай байсан. Мөн Чингис хааны тухай зохиолуудыг цуглуулж цуглуулга ном хийсэн, түүхэн нийтлэлүүд бичиж гаргадаг байсан гээд энэ хугацаанд зөвхөн "Тэмүжин" роман дээрээ ажиллах боломж хомс байлаа. Тийм болоод л би энэ зохиол дээр маш удаан хугацаанд ажилласан. Зохиолч бид нар чинь түүхэн судалгааны ажил бичдэг хүмүүс биш болохоор онцын судалгаа хийх шаардлага байхгүй. Харин түүний оронд бид өөрсдийн гэсэн "зураглал" үүсгэдэг. Би өөрөө түүхч хүн л дээ. Тийм болохоор ерөнхий түүхээ мэднэ. Өөрөөр хэлбэл, нийгэм эрт үед хэрхэн хөгжиж байсан, орчин үед яаж хөгжиж байгааг тухайлбал, Франкын вант улс яаж үүссэн, Ром болон Грекийн эзэнт улс, Одиссейн түүх гэх мэтчилэн мэддэг судалдаг зүйлс минь учир надад бичихэд илүү хялбар байсан. Харин хамгийн гол зүйл нь монголчуудын дотоод мөн чанарыг илэрхийлэх, зан заншил, сэтгэлзүйн дүрүүдийг гаргах нь маш чухал байсан. Түүхэн роман түүхийг өгүүлэхдээ чухал биш, харин хүмүүсийн тухай, хүмүүсийн сэтгэлзүйн тухай, тэдний амьдрал, амьдралдаа хийж байсан алхмууд, хамгийн муухай адгийн явдлаас эхлээд хамгийн сайн сайхан үйл явдлуудыг өгүүлэх нь л чухал. "Дайн ба энх" гэдэг шиг бас өөрийн гэсэн ертөнцөө үүсгэдэг. Дайн ба энх зохиол дээр гардаг чихгүй Фиер, Поварской гудамж, Краппын гэр бүл гээд бүгд л бодит амьдрал дээр, Оросын түүхэнд хэзээ ч байгаагүй зүйлс. Тэд бүгд зохиолчийн төсөөлөл. Тухайн үеийн дайн ч бас тэр номон дээр өгүүлэгдсэн шиг өрнөж байгаагүй. Зүгээр л тухайн үеийн аж байдлыг өгүүлсэн зохиол. Хүмүүс юу сонирхдог байсан, юу ярьдаг байсан, юунаас айдаг байсан, юунд баярладаг байсан гээд тэр үеийн ертөнцийг мэдрүүлэх л чухал. Дөлгөөн дон зохиол ч мөн адил, иргэний дайнд ямар ч Татар гэж байгаагүй, Меликовын казакууд гэж бас хэзээ ч байгаагүй, ямар ч тийм хүмүүс дивизүүдийг командлаж байгаагүй. Харин зохиолч энэ бүхнээрээ тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, мөн чанарыг л илэрхийлж  байгаа юм шүү дээ.

-Өмнөх хариултуудад та Монгол хүний мөн чанарын талаар багагүй ярилаа. Монгол хүний мөн чанарыг гаргахад танд юу мэдрэгдэж байв аа?

-Хамгийн гол асуулт нь магадгүй "чадах уу, эс чадах уу" гэдэг дээр л орших байх. Бодол дотор чинь чиний бичих гэж байгаа зүйл зэрэглээтэж, эсвэл яг л хий үзэгдэл шиг “төсөөлөгдөж” харагдаж байвал мөн чанарыг нь гаргах боломжтой гэж хэлж болно. Зохиолч хүн болгонд өөрийн гэсэн төсөөлөл байдаг. Эхлээд бүгдийг нүдэндээ төсөөлж, харж мэдэрчихээд түүнийгээ хөрсөн дээр буулгана. Би "Монголын нууц товчоо" болон -Рашид ад дин-№ыг уншихад өөрийн гэсэн мэдрэмж, өөрийн гэсэн зураглал бууж, яг л цаг хугацааны аялагч шиг өөр ертөнцийг харах шиг сонин тохиолдлууд болж байсан. Ийм төсөөлөл, мэдрэмжгүйгээр түүхэн роман бичих боломжгүй. Нөгөө талаасаа би одоо л буддист болчихоод байгаа болохоос биш миний удам угсаа бөө мөргөлд итгэдэг ард түмнээс гаралтай. 1960-1970-аад оны үед нийтийн дунд яригддаг байсан ярианууд, эмээгийн ярьж өгдөг байсан өөр ертөнцийн тухай үлгэр, чөтгөрийн тухай үлгэрүүд болон олонд гайхагдсан бөөгийн тухай ам дамжсан ярианууд надад шууд бусаар нөлөөлсөн гэж хэлж болно. Тэгэхээр зохиолч хүнд ийм мэдрэмж байна уу? үгүй юу? гэдэг чухал болохоос хэцүү юу? үгүй юу? гэдэг нь чухал биш. Надад ийм төсөөлөл, мэдрэмж байгаа гэж би үздэг. Нэг удаа танил лам маань надад "Чи тэр үед амьдарч байсан хүн байна, хэрвээ тухайн үед амьдарч байгаагүй бол чи ийм роман бичиж чадахгүй байсан" гэж хэлж байсан юм. Би үнэн худлыг нь мэдэхгүй. Нөгөө талаасаа Буриад зохиолчид Чингис хааны тухай бичих нь маш аюултай гэж үздэг. Учир нь Чингис хааны тухай буруу бичих юм бол сүнс нь тэр зохиолчийг гэсгээдэг гэдэг тэнгэр шүтлэгтнүүдийн үзэл бий. Харин би түүний тухай бичих эрх надад олгогдсон гэж боддог. Яагаад гэвэл 2012 онд би Хэнтийн Дадал суманд байдаг Чингис хааны овоон дээр очиж байсан юм. Яг мөргөж байх тэр үед долоон шувуу тэнгэрт хөөрөөд, бидний дээгүүр нэг эргэснээ газарт буусан. Энэ агшинд л надад Чингис хаан бичсэн зохиолыг минь дэмжиж, ойлгосон юм байна гэж мэдрэгдсэн. Ингэж л хариулах байна даа. 

-Та ирээдүйд өөр ямар нэгэн юм бичих төлөвлөгөөтэй байгаа юу?

-Монгол хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн хоёр боть ном маань хийх ажлын минь дөнгөж тал нь гэж ойлгож болно. Гурав дахь номыг нь орос хэл дээр бичээд, Буриадад хэвлээд, уншигчдад аль хэдийнэ хүрчихсэн. Харин яг одоо би дөрөв дэх боть номоо бичиж байна. Дөрөв дэх номоороо "Тэмүжин" романыг эцэслэнэ. Цаашдаа би Чингис гэдэг маш том хэмжээний роман бичих төлөвлөгөөтэй байгаа. Энэ ном Чингисийн идэр үеийн тухай роман байх болно.  

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Уншигчдад хандаж нэмж хэлэх зүйл байна уу?  

-Баярлалаа. Асуултууд маш тодорхой байсан учир өөрийнхөө чадахаар бүрэн хариулсан гэж ойлгож байна. Нэмж хэлэхэд, энэ зохиол маань дэлгэцийн уран бүтээл болж гарахаас гадна Өвөрмонголын уншигчдад зориулж хуучин монгол бичгээр хөрвүүлэгдэн гарч байгаа. 

Читайте также